Жил бүр уламжлал болгон хоёр удаа зохион байгуулдаг Үндэсний номын баяр энэ сарын 13-аас 15 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засахаар болжээ. Мөн “Либро сувд агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдэж байна.
Мөн энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болох ажээ.
Энэхүү баярт зохиолч, уран бүтээлчдээс гадна хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог. Баярын өдрүүдээр номыг уншигчдад хямд үнээр хүргэх, уншигч, зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх орон зай, цаг хугацааг бүрдүүлдгээрээ онцлог. Мөн ном хэвлэн нийтлэгч, орчуулагч, редактор, хэвлэлийн газруудад уншигч, хэрэглэгчтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгодог давуу талтай.
Уг арга хэмжээнд манай номын сан ХАА-н чиглэлийн ном сурах бичгээ сурталчлан таниулах зорилгоор номын худалдаа, үзэсгэлэн гаргаж оролцохоос гадна 09-р сарын 12 ны өдөр ХААИС-ийн төв байрны 2 давхарт уншигч үйчлүүлэгчдэдээ номын баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ сайхан баяртаа өргөнөөр оролцон үнэ цэн, өгөөж буяныг нь хүртэж, түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.
Хөдөө аж ахуйн төв номын сан