Номын сангийн салбарынхан 2017 оны 9-р сарын 15,16-ны өдрүүдэд Төв аймаг дахь "Овооны энгэр" жуулчны баазад соёл урлагийн ажилтны баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний үеэр шилдгүүдээ тодруулж, шагнаж урамшуулсны зэрэгцээ төрийн болон, их дээд сургуулийн номын сангийн ажилтнуудын дунд "Номын сангийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж явуулав.
ХАА-н төв номын сангийн ахлах мэдээлэл зүйч Д. Нямбазар Засгийн Газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр, номын санч Б. Түмэндэмбэрэл Монголын Залуучуудын Холбооны шагнал "Тэргүүний залуу" медалиар энгэрээ мялаасан нь манай хамт олны хувьд баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.
Мөн ХАА-н төв номын сан програм хангамж, вэб дизайны Волвес ХХК-ний нэрэмжит шагналаар шагнагдаж, илтгэлийн уралдаанд сангийн ажилтан Ө. Энхмаа, Т. Энхтуяа, Д. Болормаа нарын хамтран хэлэлцүүлсэн "Шинэ зууны номын санч гэж хэн бэ?" сэдэвт илтгэл шалгарч 3-р байр эзэлсэнд манай хамт олон баяртай байна. Хуралд тавигдсан илтгэлүүдийг оролцогсдын дунд хэлэлцүүлж, санал шүүмжлэл өрнүүлж шалгаруулсан нь ихээхэн үр өгөөжтэй байлаа.
Арга хэмжээг санаачилсан ШУТИС-ийн номын сан болон хамтран зохион байгуулсан Монголын Номын Сангийн Консорциум, МБИС-ийн номын сангийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.