ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвөөс ХАА-н төв номын санд бүтээлээ хандивлав
Экосистемийн судалгааны төвийн хамт олон "Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” бүтээлийнхээ 2 дахь хэвлэлийг 2 ботиор хэвлүүлж 2020 оны 10-р сарын 19-ний өдөр нээлтээ хийн дээжээс нь ХААИС-ийн номын санд бэлэглэлээ.
"Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” бүтээл нь Япон улсын Тотторигийн Их сургууль, Токиогийн Их сургууль болон Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрдэмтэд, судлаачид, суралцагсдаас бүрдсэн олон улсын судалгааны багийн ажлын үр дүнд бий болжээ.
Энэхүү бүтээл нь хоёр ботиос бүрдэх бөгөөд 1-р ботид өндөр уул ба уулын ойт хээрийн бүсийн ургамлын төлөөлөл болох 297 зүйл ургамал, 2-р ботид цөлийн хээр, цөлийн бүс болон нуга, намаг, нам хотос, давслиг хөрстэй бэлчээрийн болон хөл газрын ургамлын төлөөлөл болох 215 зүйл ургамлыг багтаасан байна. Эдгээр 512 зүйл ургамал нь монголын төдийгүй Төв азийн бэлчээрт өргөн тархжээ. Мөн бэлчээрт тохиолдох зарим ховор, унаган, чимэглэлийн болон тарьж хэрэглэвээс зохилтой ургамал, зарим хортой ургамлыг багтаан оруулсан бөгөөд ургамлын бүтэц, ургах орчныг харуулсан гэрэл зургийг шинэчилж, ургамлын тархацын мэдээг “ Монголын гуурст ургамлын конспект” бүтээлд зааснаар баяжуулжээ.
Энэхүү бүтээлийн 1-р хэвлэлд гол төлөв уулын ойт хээрийн бүслүүр, хээр, цөлийн хээр болон цөлийн бүсийн ургамлын төлөөлөл болох 396 зүйл ургамлыг оруулсан бол 2-р хэвлэлд өндөр уул, нуга, давслиг хөрсөнд ургадаг ургамал болон хөл газрын ургамлыг багтаан оруулсан байна. Энэхүү бүтээл нь их дээд, сургуулийн оюутан, бэлчээрийн мэргэжилтэн, ургамал судлаачид, мал зүйч, малын эмч, байгаль орчны мэргэжилтэн, малчид, монгол орны бэлчээрийг сонирхогч хэн бүхэнд бэлчээрийн ургамлын талаар илүү ихийг танин мэдэх боломжийг олгож, оюуны царааг нь тэлсэн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ