Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тус тус тэмдэглэсээр иржээ.
Энэ жилийн хувьд 2025 оны 2-р дугаар сарын 21-ний өдөр усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуучууд чуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн Оюутны усны холбоо (ОУХ) албан ёсоор байгуулжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”-аас хамтран “Мөстлөг, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “ЦЭНХЭР АЛТ” Усны Үндэсний II чуулган 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болно.
Мэдээллийн эх сурвалж:https://www.water.gov.mn/