Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж судлаач эрдэмтдээр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан.
Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллаад, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн хэмээсэн.
УИХ-ын 2012 оны намрын чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Мөн Чингис хааны одонг долдугаар сарын 11-нд олгодог байсныг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болсон билээ.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 жил бүр өөр өөр өдөр тохиодог. Тодруулбал: 2012 онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байсан бол 2013 онд арваннэгдүгээр сарын 4-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиож байжээ. Харин энэ жил Эзэн Чингис хааны төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт болно.
Чингис хаан яг хэзээ төрсөн талаар эртний найман эх сурвалжийн тавд өвлийн эхэн сарын шинийн 1 гэж, мөн хоёр эх сурвалжид зуны дунд сарын улаан тэргэл өдөр буюу 16 гэж бичсэн байдаг ажээ. Энэ талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал “Чингис хааны төрсөн өдрийг “Луу Алтан товч”-д анх тэмдэглэсэн байдаг бөгөөд түүнээс гадна дөрвөн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Үүнд зуны дунд сарын улаан тэргэл өдөр буюу 16-нд Чингис хаан мэндэлсэн гэж тэмдэглэсэн. “Хөх түүх”, “Сувд эрх” гэх мэт эх сурвалжуудад Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд мэндэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хоёрын алинийг нь баримтлах вэ гэдэг дээр судлаачид маргаантай байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан комисст орсон судлаачид Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн хэмээн үзэж 2012 оноос эхлэн бүх нийтээрээ тэмдэглэдэг болжээ.