ТАНИЛЦУУЛГА

Хөдөө аж ахуйн төв номын сан нь профессор багш, ажилтан, оюутан суралцагчид, салбарын мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхэд нэн хэрэгцээтэй ном сурах бичиг, хэвлэмэл болон цахим мэдээлэл, тогтмол хэвлэлээр хангах үүрэг бүхий үйлчилгээний нэгж юм.
Номын сангийн зорилго нь олон нийтэд номын сангийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй, шуурхай хүргэх, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний олон төрөл, хэлбэрийг бий болгох, үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэхэд оршино.
Номын сан нь 1958 онд анх байгуулагдсан бөгөөд одоогоор номын сангийн захирал, ном зүйч, ахлах номын санч, каталогч, мэдээлэл зүйч, номын санч-мэдээллийн ажилтан гэсэн орон тоонд 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. ХААИС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөө (2018-2028 он)-ний “Сургуулийн номын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн цогцолбор болгон өргөжүүлэх” зорилтын хүрээнд 2022 онд шинэ номын сангийн барилга ашиглалтад оруулснаар 1200 м.кв талбайтай орчин бүрдэж, үүнд; 766.0 м.кв талбай бүхий уншлага, үйлчилгээний 9 танхим, 126 м.кв талбайтай 3 үндсэн номын фондыг шинэчлэн байгуулсан. ХАА-н төв номын сангийн сан хөмрөгт нийт 51,177 төрлийн 189,147 ширхэг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхэд нэн хэрэгцээтэй ном сурах бичиг, хэвлэмэл болон цахим мэдээлэл, тогтмол хэвлэлийн материал байршиж байна
Хөдөө Аж Ахуйн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх ая тухтай орчинг бүрдүүлж, нээлттэй орчинд номын сангийн цогц үйлчилгээгээр хангах үндэсний хэмжээний хөдөө аж ахуйн мэдээллийн төв байхад оршино.