"Дэлхийн номын өдөр" (World Book Day) нь 4-р сарын 23-нд тэмдэглэгддэг, ном унших соёлыг хөгжүүлэх, номын ач холбогдлыг ойлгуулах зорилготой олон улсын баяр юм. Энэ өдрийг 1995 оноос ЮНЕСКО-ийн санаачилгаар тэмдэглэх болсон бөгөөд олон оронд хүүхдүүд, насанд хүрэгчид, номын хэрэглэгчид энэ өдөр ном унших, худалдаж авах, өөрсдийн дуртай номын талаар ярилцах гэх мэт үйл ажиллагаанд оролцдог.
Дэлхийн номын өдрийг тэмдэглэх нь номоор дамжуулан мэдлэг, мэдээллийг түгээж, хүмүүст унших сонирхол төрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ жилийн хувьд ХААИС-ийн Номын сан “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР”-т зориулсан өдөрлөгийг 2025 оны 04-р сарын 10 аас 04-р сарын 23-ны өдрүүдэд “ХУУДАС БҮРЭЭР ШИНЭ ЕРТӨНЦИЙГ НЭЭЕ” уриан дор багш, судлаач, номын санчид болон оюутан залуус, сурагчдын дунд төдийгүй ХУД-ийн 11, 22-р хорооны иргэдийн дунд зохион байгуулахаар боллоо.
Өдөрлөгийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах , шилдэг номын зохиогч, судлаач, тэргүүний болон шилдэг уншигч алдаршуулах, ном солилцоо, ном болон цэцгийн худалдаа, музей, зургийн үзэсгэлэн, монгол бичгийн үзэсгэлэн, илтгэл, мэргэжил сурталчлах, инновацын танилцуулга, клубуудын танилцуулга зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
1. 2025 оны 04-р сарын 10 аас 20 ны хооронд “Номын сан миний хувьд” эсээ бичлэгийн уралдаан
2. 2025 оны 04-р сарын 17 нд Монгол бичгийн илтгэлийн уралдаан
3. 2025 оны 04-р сарын 18 нд ХШУС, ЭЗБС-ийн багш нартай хамтарсан сургалт
4. 2025 оны 04-р сарын 18 нд “Номын хэрэглээ, хандлага” сэдэвт мэтгэлцээн
5. 2025 оны 04-р сарын 23 нд "Дэлхийн номын өдөр" баярын нэгдсэн арга хэмжээ болох тул багш, судлаач, оюутан залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
