Төрийн өмчийн зургаан их сургуулийн номын сангийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Номын сан– Өнөөдөр, маргааш III” хэлэлцүүлэг 2024.09.20 ны өдөр зохион байгуулагдана
Дээд боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн чанар хүртээмжийг дээшлүүлэх, бүх талын нөөц, туршлагаа харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилгоор 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан
Энэхүү санамж бичгийн хүрээнд Төрийн өмчийн зургаан их сургууль номын сангаа хамтран ашиглах журам боловсруулан номын сангууд мөрдөн ажиллаж байна.
МУИС-ийн номын сангаас жил бүрийн есдүгээр сард тэмдэглэдэг “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Хэлэлцүүлгийн зорилго нь Төрийн өмчийн зургаан их сургуулийн номын сангийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, зөвлөмж боловсруулахад оршино.