Хөдөө аж ахуйн номын сан нь номын сан судлалын хүрээлэнтэй хамтран КОХА программыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж, чанар хүртээмжийг дээшлүүлэх бүх талын нөөц, туршлага харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилгоор 2021.02.06 нд Төрийн өмчийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд төрийн өмчийн 6 их сургуулийн номын санг хамтран ажиллах журам боловсруулсан. Төрийн өмчийн 6 сургууль дотроос ХАА-н номын сан нь ганцаараа “Koha” нэвтрүүлээгүй LIB4U номын сангийн программ ашиглаж байна. “Koha” программыг номын сангийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.
2001 оноос номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор номын санд зориулсанпрограмм хангамжийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, программ хангамжуудаас Lib4U программыг сонгон авч, ХАА-н төв номын сангийн цахим мэдээллийн бааз буй болгож, электрон каталогийг зохион байгуулах ажлуудыг хийсэн.
Эдүгээ номын сан нь 170 000 гаруй хэвлэмэл болон хэвлэмэл бус материалын сан хөмрөгтэй бөгөөд номын төрөл бүтэц бүрэлдэхүүний байдлыг харгалзан 10 сан хөмрөгт ангилан хувааж, уншигч, хэрэглэгч, судлаачдад үйлчилж байна.
Номын сангийн “Koha” системийг анх 2000 онд Шинэ Зеландын Katipo Communications компани "Horowhenua" номын санд зориулан “Koхa 1.00” хувилбарыг бүтээсэн бөгөөд нээлттэй эх бүхий номын сангийн анхны үнэгүй систем (ILS- Integrated Library System) юм. Номын сангийн “Koхa “ систем нь “Perl” хэлээр бичигдсэн, “MySQL” өгөгдлийн сан дээр тулгуурласан, холбоост өгөгдлийн 130 гаруй хүснэгттэй (хувилбараасаа шалтгаалан) , ”Zebra” хайлтын систем болон олон улсын номзүйн “MARC21”стандарт, мөн номзүйн мэдээллийг дамжуулах “Z39.50” протоколыг дэмжин ажилладаг систем юм.